Нүүр » Бидний тухай » Мэдээ мэдээлэл

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болж өндөрлөлөө

Бусад мэдээлэл

                 АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын дагалдах хурлуудын хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд болж, АСЕМ-ын гишүүн 32 орны болон Европын парламентын нийт 170 гаруй төлөөлөгч оролцлоо. Уулзалтын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд боллоо.

                  Хурлын нээлтийн үеэр мөн БНИУ-ын Сенатийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Пиетро Грассо Ази-Европын 10 дугаар уулзалтыг Милан хотноо зохиосон туршлагаасаа хуваалцан, Монгол Улс нь Ази-Европын түүхэн холбоог сэргээх эхлэл болж байна гэв. Тэрбээр АЕПТ-ыг амжилттай, хариуцлагатай зохион байгуулж байгаа Монгол Улсад баяр хүргээд, Пакс Монголика буюу Их Монгол Улсын үед тогтоосон тогтвортой худалдаа, соёлын солилцооны эрин үе  Улаанбаатар хотоос эхэллээ гэсэн юм.

                   Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас Тунхаглал баталж, АЕПТ-ийн Есдүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлж, уулзалтын дүнг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар боллоо. Ази-Европын парламентын түншлэлийн 10 дугаар хурал 2018 онд Европ тивд зохион байгуулагдах аж.